Ухаантнууд урт насалдаг

Хүний амьдралын үргэлжлэх хугацаа удамшил, амьдралын хэв маяг, экологи гэсэн гурван хүчин зүйлээс үндсэндээ хамаардаг гэж өнөөг хүртэл үзсээр иржээ. Гэвч наслалтад нөлөөлдөг голлох хүчин зүйл бол хүний өөрийнх нь оюун ухааны чадамж, чадвар гэнэ. Ийм дүгнэлтэд нэгнээсээ хараат бус судалгааны хоёр баг хүрчээ. Америкийн Аризонагийн их сургуулийн геронтологичдын тогтоосноор өндөр боловсролтой хүмүүсийн дундах нас баралт боловсрол тааруу хүмүүсийнхээс дөрөв дахин бага аж. Харин Британийн анагаах ухааны судалгааны зөвлөлийн мэргэжилтнүүд мөн л ийм шалтгаанаар Шотландад аж төрдөг 1500 хүний IQ ба эрүүл мэнд хоорондын холбоо, хамаарлыг судалсан байна. Судалгаа 1987 онд эхэлсэн бөгөөд тухайн үед судалгаанд хамрагдагсад бүгд 56 настай байж. 20 жилийн турш Глазго, Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хэн тархиа идэвхтэй ажиллуулна, тэр хүн бусдаас илүү урт насалдгийг ажиглажээ.

XIX зуунд уг үзэгдлийг Германы алдарт эмч Христоф Гуфеланд нээсэн хэмээн сэтгэл судлалын профессор, биологийн шинжлэх ухааны доктор Юрий Щербатых өгүүлэв. Гуфеланд энэхүү санаагаа “Хүний биеийн байдал боловсролын төвшинтэй салшгүй холбоотой бөгөөд урт удаан наслах гол үндэс болдог. Хүн зэрлэг, бүдүүлэг ахуйд олон жил амьдрах боломжгүй” хэмээн бичиж үлдээжээ. Ингэхдээ тухайн цаг үеийнхээ дундаж наслалтыг давж 80-90 жил амьдарсан Соломон, Платон, Диоген, Софокл, Демокрит нарын сод ухаантныг жишээ татсан байна. Тэдний оюун ухааны хүч, дотоод итгэл үнэмшил, бусдаас онцгойрох давуу тал нь урт наслалтын үндсэн шалтгаан болсон нь дамжиггүй. Гэхдээ шинжлэх ухаан нас баралт болон оюун ухаан хоорондын харилцан хамаарлыг шинэ зууны эхээр л баримт нотолгоогоор баталгаажуулжээ. Хүний физиологийн эл зүй тогтол “Ухаантнууд бусдаас илүү насалдаг” гэсэн афоризмыг ч төрүүлж байна.

“Онц сурлагатан” зөгий
Энэхүү таамаглалын үнэн мөнийг ой тойнд ортол нотлон харуулахын тулд Аризонагийн их сургуулийн мэргэжилтнүүд зөгийн дээр туршилт хийжээ. Судалгааны удирдагч, биологийн ухааны профессор Гро Амдам зөгийг юуны өмнө “үнэр-хоол” гэсэн холбоосонд сургасан байна. Сургалтын үеэр шавьжинд элсэн чихрийн хэлтэрхий үнэртүүлэхэд хатгуураа долоох шинж тэмдэг, өөрөөр хэлбэл нөхцөлт рефлекс ажиглагдсан аж. Туршилтын явцад зарим зөгийн оюун ухаан бусдаас хавьгүй илүү хөгжиж орчиндоо дассанаар тэдгээрийг “онц сурлагатан” ба “муу сурлагатан” гэсэн хоёр хэсэгт ангилахад хүргэжээ. Зөгийнүүд нэлээд бэрх шалгалтыг ч амжилттай давсан байна. Тэднийг хугацаанаас өмнөх хөгшрөлт болон улмаар үхэлд хүргэдэг өндөр концентрацтай хүчилтөрөгчөөр амьсгалуулж туршчээ. Гэтэл сурлага сайтай буюу гадны аливаа хүчин зүйлд дасах чадвар эзэмшсэн зөгийнүүд хүчилтөрөгчийн нөлөөлөлд тэсвэртэй байж дунджаар 59 цагийн турш амьдарсан бол толгой муутнууд үүнээс найман хувиар бага цаг эсэн мэнд байжээ. “Хэргийн учир нь стресст тэсвэртэй байгаагийн шинж” хэмээн туршилтын үр дүнгийн талаар профессор Гро Амдам тайлбарласан байна. Ийм ч учраас сэтгэл зүйн тогтвортой байдал амьтдын ертөнц төдийгүй хүний амьдралд ч тодорхой нөлөө үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, оюун ухааны хувьд бусдаас давуу хүмүүст аливаа шинэ, гэнэтийн үйл явдал түгшүүр, болгоомжлол, аюул занал төрүүлэх нь харьцангуй бага гэнэ.

Тодорхой бус зүйлтэй нүүр тулсан ухаантнууд мэгдэж сандрахыг урьтал болголгүй үйл явдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх эсвэл түүнээс зайлсхийх арга замыг эрэлхийлж эхэлдэг байна. Яг үүн шиг ухаантай зөгийнүүд агаар аюултайг мэдэрмэгц амиа авч гарахыг эрмэлзжээ.

Шотландын Абердины их сургуулийн эрдэмтдийн хүмүүсийн дунд явуулсан дээрхээс ялгаатай бас нэгэн судалгаа бий. Тэд 1932 онд Абердины дунд сургуульд суралцаж байсан 11 настай 2000 сурагчийн 2001 он хүртэлх хувь заяаг нь оюуны ухааных нь чадамжтай харьцуулан ажигласан байна. Судалгааг санаачлагч Иан Дирийн өгүүлснээр тэдгээр сурагчаас оюун ухааны чадамж өндөртэй гэгдэгсдийн 90 хувь ньшинэ зуунтай золгожээ. Оюун ухаан, урт наслалтын харилцан хамаарал эндээс харагдана.

Энэхүү хачирхалтай үзэгдлийн шалтгааныг эрдэмтэд судалсаар л байна. IQ хүний зан байдлыг тодорхойлдог бол зан байдал янз бүрийн өвчний шалтгаан болох нь олонтаа гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ. Жишээлбэл, бага насандаа IQ-ийн төвшин өндөр байсан хүмүүс IQ багатай хүмүүстэй харьцуулахад яваандаа тамхи татахаа болих нь элбэг. Харин материаллаг байдал, орлогын төвшин, нийгэмд эзлэх байр суурь зэрэг нь амьдралын үргэлжлэх хугацаанд оюун ухааны нэгэн адил нөлөөлөх нь бага ч байж мэднэ. Учир нь оюун ухааны чадамж өндөртэй ахмад настнуудын 45 хувь нь бага орлоготой иргэд байжээ.

Мөн Францын герон-тологичид оюун ухаан, эрүүл мэндийн харилцан хамаарлын шалтгааныг илрүүлснээр эл таамаглал шинэ баримтаар баяжсаар байна. Эрдэмтдийн тогтоосноор оюун ухаан, наслалт нь хүний бие организм дахь дегидроэпиандростерон дааврын төвшнөөс хамаардаг аж. Уг дааврын хэмжээ хэдийчинээ их байна, хүн төдийчинээ урт наслах боломжтой гэсэн үг. Энэ даавар хүүхэд, өсвөр насныханд их хэмжээгээр ялгардаг ч насанд хүрмэгц багасдаг. 80 настай хүнд дегидроэпиандростероны хэмжээ өсвөр настай байх үеийнх нь төвшнөөс 10 хувьд нь ч хүрдэггүй. Гэхдээ гайхалтай нь судлаачдын ажигласнаар дегидроэ-пиандростероны хэмжээ IQ өндөртэй хүмүүст хүүхдүүдийнхээс ч дутахгүй ялгардаг гэнэ. “Оюун ухааны хөгжил хүнд төрөл бүрийн сонирхол өдөөж, амьдралаа бүрэн үнэлэх, улмаар урт наслах боломж олгодог” гэж Францын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч асан, профессор Этьен-Эмиль Болье судалгааны үр дүнг тайлбарлажээ. Энэ нь насны хувьд хэдий талийсан ч оюуны чадвар сайтай хэнд ч залуужуулах даавар багачуудаас дутахгүй ялгарах боломжтойг харуулж буй хэрэг юм. Нэг үгээр Таны дүр төрх хэдэн настайг хэлээд өгөх ч тархи тань мөнхийн залуугаараа байна гэсэн үг.

Мэргэжилтний зөвлөгөө
Ямар ч ачаалалгүй тархи хөгшрөхдөө амархан. Иймээс тархиа байнга, дасгалжуулбал эд эс сэргэнэ. Хүн өтлөх үед мэдрэлийн эд эсийн зарим нь үхэждэг бол оюун ухааны дасгал тогтмол “хүртдэг” тархи ачааллыг хүлээн авахдаа сайн төдийгүй цусны даралт, цусан дахь сахар, өөх тос, холестерины хэмжээ ихсэхээс сэргийлдэг. Хөгжмийн зэмсэг тоглох, гадаад хэл судлах, компьютерийн тоглоом сонирхох нь тархинд дасгал болдог хэмээн биологийн шинжлэх ухааны доктор, сэтгэл зүйч Юрий Щербатых зөвлөж байна. Тэгэхээр тархиа байнга цэнэглэх нь урт наслалтын урьдач нөхцөл юм. Хүн тархиа хөгжүүлэхгүй л бол байгаль дэлхий түүнийг “тоохгүй” бөгөөд залхуучуудтай салах ёс гүйцэтгэхээс татгалздаггүй. Тиймээс тархи бол бидний биеийг удирдагч гол “зэвсэг” гэдгийг алхам тутамдаа санаж явахыг академич Владимир Шабалин зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.